Thursday, October 29, 2009

Таалагдсан шүлэг

Бүгдээрээ сайн байцгаана уу? Өчигдөрхөн нэг шүлэг уншлаа тэгээд маш их таалагдав. Та бүхэн утгачилан ойлгохын тулд уншаад үзээрэй.
http://biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=4078
Д.Хишигдэлгэр : Хайрлахын утга
Эр нэгэнтээ бүдрэхэд
Эрэг бас нэгэнтээ нурахад
Бодоо нь бодол ар араасаа хөвөрч
Дурсаа нь үгүй дурсамж өөрөө амиллаа
Хэлээ нь үгүй үгс цээжнээс огшиж
Аялаа нь үгүй дуу аманд аяндаа эгшиглэлээ
Үнэнийг үнэн гээд үхэж мэдэх орчлонд
Үнэндээ үнэн гээд гүрийсэн нь оносонгүй
Ганцхан надаар дутчих юм шиг хорвоод
Олны дунд ганцаардсанаа ажсангүй


Хат суугаагүй ухаандаа
Хамгийг мэдэгч гэж өөрийгөө өргөмжлөөд
Хаширч дуусдаггүй заяандаа
Хаа хүрэхээ төсөөлсөнгүй

Урамаар дутаагүй байтлаа уймарчихаж
Цэнгэлээс холдоогүй мөртлөө гутчихаж
Бусдаас үг сонсолгүй сонсгол муудчихаж
Өөрөө мэдэмхийсээр сохорчихож
Балаг намайг тоогоогүй байхад дуудчихаж
Дуурсаагүй нэрээ чангаар хашгирчихаж
Хайрлаад харамласан хайртыгаа залхаачихаж
Хамдтаа дуусах амьдралаа мартчихаж
Халтар төгрөгөөр хэтэвчээ түнтийлгэчихээд
Хавь ойрынхоныгоо бардамхан дайлахдаа
Хэзээ хоосрохоо сэрүүн ч зүүдэлсэнгүй
Халгиж цалгиж үерхсэн найзууд
Хаана орхихыг нь амжиж асуусангүй

Эцэг эхээ хэн нэгэн баярлуулсан гэхэд
Хэрэг болгож хэрхэсэнийг нь анзаарсангүй
Алдар хүндийн оргилд анд нөхөд минь хүрэхэд
Араас нь ам нээж бахдан шагшиж гийгүүлсэнгүй
Аргыг нь олоогүй бүхэнд хуурай нойтон агсам тавьчихаж
Атгасан гараасаа аз хийморио савчихаж

Намайг хайрласных нь төлөө чамайгаа жаргаасангүй
Нандин хүслийг чинь асуулгүй үргээчихэж
Надаас самбаатай нэгний халамжийг нэхээд
Навчис шиг хийсээд явахад чинь итгэсэнгүй
Араас чинь дагаад цамнан очиход
Амьдрал надаас жийрхдэг боллоо
Явчихсан бүсгүй эргэддэггүй гэхэд
Яалаа гэж тэр минь хүний дээд гэж чамайгаа өмөөрлөө
Эргүү тэнэгээ өөрөөс чинь сонсоод
Энэ минь намайг сорьсондоо гэж
Их л уужуухан хүлээхийг хичээсэн
Эр хүн шиг дуугүй чи холд гэхэд чинь
Эмзэглэсэн сэтгэлдээ тэвчээд өнгөрөөсөн
Чамаас сайхан бүсгүйчүүл надад олдоно гэж өширхөгөөгүйч
Чамаас сайхан бүсгүйчүүлд би хайлж явсангүй
Амьдралаараа чамд бэнчин тавиад алдчихсан
Ажилгүй мөнгөгүй хэн ч бишийн эгнээнд элсэхдээ ч
Аавын хүү аргаа баралгүй ахиад сэхсэн
Миний эдлэх зовлон чамд жаргал болдог бол
Өдийд чи минь хатанхаан шиг баясаж
Өнөө л ярьдагаа хэн нэгэнд шивнэн байхсан
Үгүй дээ чи минь энэ бол туйлширал
Үнэгүйдсэн бодол биднийг төөрөгдүүлж байгаа хэрэг
Хэдий болтол би чинь эрүүл ухаанаа зовоож
Хэдэрлэсэн үгсээ чамдаа урсгахав
Ирэх цагийн сайныг ерөөж
Итгэл хөглөсөн хүслээ чамдаа илгээе
Мэдэж амжаагүй миний тухай
Мэдэрч бараагүй жаргалын охио
Миний хайртай чамдаа сануулъя
Өвөл, зун, хавар, намар улирлын сайханд би дуртай
Өдөр шөнө цагийн алинд ч өөдрөг бодолд автах дуртай
Хөдөө гадаа аялаж хөгшид өвгөдтэй хөөрөлдөх дуртай
Хүний өөрийн гэлгүй хүмүүсийг би хүндлэх дуртай
Сайхан аялгуут дууг аялаж хээв нэг алхах дуртай
Санаа нийлдэг хэдхэн андуутайгаа сардаа нэг уулзах дуртай
Ховорхон чи харсан болохоос биш яг л чам шиг
Хорвоогоор дүүрэн цангинатал инээж баясаж хөгжих дуртай
Хожимдсон гэмээр чамд санагдавч яг л чам шиг
Хоргодоод салдаггүй хайраа энхрийлж янаглах хачин дуртай

Яагаад чамд дурласны учир
Ямархан чамайгаа хайрласны утга
Яаж чамдаа итгэсний шалтгаан
Яагаад ч чамаасаа холдохгүйн тавиланг
Амин зүрхнийхээ ховдолд нуусан
Ариун хүслээ энд дэлгэе
Чи минь чухам юу хүсэж мөрөөддөгийг
Чиний бурханаас би олонтаа асуусан
Тэр надад хариу өгсөнгүй, би гайхаагүй
Магадгүй намайг таньдаггүй байх
Амьд бурхад найзад нь байдаг болохоор
Амьхандаа чамайгаа танихгүй бурханаас харамласан юм
Амьд явахыг учрыг урьтаж мэдсэндээ
Амраг минь чамайгаа гэргийгээ болгож жаргаж суух гэсийм
Үртэй болоод хоёулаа үүрд мөнхрөх гэсийм
Өргөн дэлхийн зоонд өргөө гэрээ барих гэсийм
Голомтоо бадрааж өрхөө чамаар татуулах гэсийм
Үндэс угсаа минь Монгол гэж харийн газар бардамнах гэсийм
Төрөхөөс үхтэл орших эх орон Монголдоо хайртай болохоор
Хүний нутагт чамтайгаа Монголоороо үлдэх гэсийм
Хайраас хайр ирдэг болохоор хүү ч бай охин ч бай хамаагүй ээ
Хонгорхон үрээ өнхөөрдөн үнсэх гэсийм
Хайртай чамайгаа ижий болохоор нь
Хань минь гэж дуудах гэсийм
Мартсан санасанаа чамаасаа асууж байх гэсийм
Манайх гэдэг айл гэж байдгийг зон олонд мэдүүлэх гэсийм
Эр нөхөр минь гэж надаараа бахарахыг чинь харах гэсийм
Эхнэр минь гэж энхрийлүүлж дандаа амьдрах гэсийм
Намайг мэддэг хүн бүхэнд сайхан гэргийгээрээ гайхуулах гэсийм
Чамайг таньдаг хүн бүрт чадал суусан эр гэдэгээ мэдрүүлэх гэсийм
Аав ээжээ хамтдаа өргөе гэсийм
Ахан дүүсээ хамтдаа түшье гэсийм
Төрөл садандаа хүндэлэгдэе гэсийм
Түмэнд нэр нүүртэй явъя гэсийм

Ахин чамдаа давтан хэлье
Амрагхан чамайгаа жаргаая гэсийм
Амьдралд хамдтаа мөнхөрье гэсийм аа
Эр нэгэнтээ бүдэрхэд тэнгэр түшинэ
Эрэг нэгэнтээ нурахад газар түшинэ

Д.Хишигдэлгэр 2009 Washington DC USA